Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн.
Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллагын төлөөлөл багтсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС