Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин манай улсад ажлын айлчлал хийж буй Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Санниног хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцааны өнөөгийн төлөв байдал, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хоёр талын яриа хэлэлцээний механизм идэвхтэй үргэлжилж байгаа нь хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх чухал ач холбогдолтойг онцолж, Брюссель хотноо энэ сард болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралдаанд амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн хувиар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйл суурилсан хоёр талын болон олон талт харилцааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов.