Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн ордын гүнийн уурхайн олборлолт гуравдугаар сарын 13-нд эхлэх бөгөөд үүнтэй холбоотой тус уурхайн эрчим хүчний хангамжийн талаар дахин хөндөгдөж байна.
Өнгөрсөн онд Оюутолгойн төслийн ордын гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг хийж, Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулсан юм.
Улмаар 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж байгуулахаар шийдвэрлэн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа.
Тус ДЦС ашиглалтад орсноор Оюутолгойн уурхай БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно. Оюутолгойн уурхай нь одоогоор жилдээ 100 сая гаруй ам.долларын цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа бөгөөд гүнийн уурхайн олборлолт эхэлж, бүрэн хүчин чадлаар ажиллавал 200 сая ам.долларын, ирэх онуудад үйлдвэрлэлийн оргил үед тэрнээс их хэмжээний эрчим хүч хэрэглэх тооцоотой байгааг Сангийн сайд Б.Жавхлан тодотгож байна.
Дээрх хэмжээний эрчим хүчийг БНХАУ-аас нийлүүлэх бус Монгол Улс өөрсдөө хангах нөхцөл байдалд шилжинэ. Монгол Улс энэ тал дээр эрчим хүчний шинэ эх үүсвэр бүрдүүлж, Тавантолгойн дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгах үүрэг хүлээж буй бөгөөд энэ талаар хоёр талын гэрээнд тусгасан. Ингэснээр гадагшаа урсаж буй валютын эх үүсвэр дотооддоо үлдэж, улмаар эрчим хүчний нөөц бүрдэх юм гэдгийг тэрбээр хэлж байна.
Оюутолгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх гэж буй цаг үетэй давхцан эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх нь чухал үйл явдал. Тиймээс тус ордыг эрчим хүчээр хангах хэлцлийг энэ онд үргэлжлүүлэх талаар мэдээллээ. Уурхайг эрчим хүчээр бүрэн хангаснаар гүний уурхайн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой ажиллаж, энэ нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Б.Болд