Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэй гаргажээ.
Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн аж. Мөн 2012 оноос “Оюу толгой” компани дахь ажлын замналаа эхлүүлж стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд гар бие оролцжээ. 2015 онд Рио Тинто групп рүү шилжин, оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг удирдсан.
С.Мөнхсүх нь “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө Рио Тинтогийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ хугацаанд Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэжээ. Тухайлбал, тэрээр Австрали дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулан эрчимжүүлсэн байна.
С.Мөнхсүх нь ирэх оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул
Ташрамд сонирхуулахад, Тэрбээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байжээ.
С.Мөнхсүх нь Бостоны Зүүн хойд Их сургуулийг санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!