НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабана Цэвэр агаар - Дээд түвшний чуулганд оролцохоор Монгол Улсад ирлээ.
Цэвэр агаар - Дээд түвшний чуулга уулзалт /UNESCAP/ 3 дугаар сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотод болно
НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын хуралд 53 орны 200 гаруй төлөөлөл Монгол Улсад ирж байгаа ба хүндэт зочны нэг болох тус байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабанаг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элайн Конкиевич болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Армида Сальсия Алишабана энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж буйд талархал илэрхийлж, бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.
Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гишүүн орнууд Агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг VII хуралдаанаар баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд гишүүн улс орнуудын хамтын ажиллагааны чиглэл, санхүүжилтийн механизмыг Цэвэр агаар-Дээд түвшний чуулганаар тодорхойлж чадна гэдэгт итгэлтэй байгааг онцлов.
Чуулга уулзалт доорх сэдвийн хүрээнд өрнөнө:
- Агаарын чанарын менежментийг сайжруулах нь:- Агаарын чанарын менежментийг сайжруулах чиглэлээр шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэнэ.
- Агаарын чанарын мониторинг Агаарын чанарын хяналт, үнэлгээний асуудлыг үндэсний болон олон улсын түвшинд хэлэлцэж, техникийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох;
- Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх:- Шилдэг, шинэлэг туршлагыг хуваалцах техникийн туслалцаа үзүүлэхэд тулгарч буй гол асуудлуудыг тодорхойлох;
- Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа:- Агаарын чанарын мэдээлэл, стандартын чиглэлээр хамтран ажиллах арга хэлбэр, шинжээчдийн ажлын хэсэг байгуулах асуудал ;
- Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл:- Өмнөх хуралдаанаас тодорхойлсон үйл ажиллагааг харгалзан холбогдох механизм, сүлжээ хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.