Засгийн газрын лхагва гараг /2023.01.25/-ийн хуралдаанаас Монгол Улсад импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоов.
Түүнчлэн дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Тус хурлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх санал, дүгнэлтийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Төсөл санаачлагч төсвийн тогтвортой байдал, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлага, хариуцлагатай байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Засгийн газрын боловсруулах төсвийн төсөлд олон нийтийн оролцоо, хөндлөнгийн хяналт, төрийн аудитын ажиллах механизмыг тодорхой болгох зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна
Мөн Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.