Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 6 дахь /01.17/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Пүрэв гарагт /2025.01.16/ тэсвэр тэвчээрийн үлгэр дууриалал болж сумогийн түүхэнд нэрээ мөнхөлсөн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ угжирсан хүнд бэртлийн улмаас зодог тайлах шийдвэр гаргасан билээ.
Ийнхүү өнөөдрөөс Хацү башёгийн Макүүчи зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Монголын сумоч Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ өдөр Шоннанноүми /М-13/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяж 2 даваа, 4 унаатай боллоо.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Хакүохо /М-15/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 3 унаатай болов.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Мидорифүжи /М-11/-тэй учраа таарч түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваа 2 унаатай болоод байна.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Такарафүжи/М-8/-тэй учраа таарч барилдан түүнд окуридаши мэхээр унаснаар энэ башёг 5 даваа, 1 унаатай үргэлжлүүлж байна.
Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, энэ өдөр Митакэүми /М-7/-тэй учраа таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяж 6 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Киришима Б.Лхагвасүрэн /М-1/, Сэкиваке Дайэйшёо-той учраа тааран хүч үзэж түүнийг хикиотоши мэхээр давснаар 3 даваа, 3 унаатай болов.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Гонояама/М-3/-тэй хүчээ сорин түүнийг окуридаши мэхээр давснаар 5 даваа 1 унаатай боллоо.
Озэки Котозакура, Атамифүжи /М-2/-тэй учраа тааран хүч үзэж түүнд кимэдаши мэхээр унаснаар ганц даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Атамифүжи 2 даваа, 4 унаатай болов.
Харин Озэки Оносато энэ өдөр Шодай /М-4/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 3 унаа, 3 даваатай болов.
Энэ өдрийн байдлаар Чиёошома, Охо, Кинбозан нар 6 даваа башёг тэргүүлж байгаа бол Озэки Хошёорюү, Тамаваши, Такеруфүжи нар 5 даваатай тэргүүлэгчдийг нэхэж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!