Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 11 дэх /2025.01.22/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Нишикифүжи /М-17/-той таарч түүнд ошитаоши мэхээр унаж 5 даваа 6 унаатай болоод байна.
Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ өдөр Чураноүми /М-9/-тэй учраа таарч түүнийг ошидаши мэхээр давж 4 даваа, 7 унаатай боллоо.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Охо /М-3/-той хүчээ сорин барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 6 даваа, 5 унаатай болов.
Киришима Б.Лхагвасүрэн /М-1/ өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/-той учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давснаар энэ башёг 8 даваа, 3 унаатай үргэлжлүүлж байна. Харин Тамаваши 6 даваа, 5 унаатай болоод байгаа юм.
Озэки Котозакура, Комүсүби Вакатакакаге-тай учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адилхан 5 даваа, 6 унаатай болов.
Энэ өдөр Озэки Оносато, Кинбозан /М-14/-тай таарч хүчээ сорин түүнд цүкиотаоши мэхээр унаснаар 7 даваа 4 унаатай болсон бол Кинбозан 10 даваа, 1 унаатай энэ башёг тэргүүлсээр байна.
Харин Озэки Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Г.Мөнхсайхан Чиёошома /М-5/-тай учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяж 8 даваа, 3 унаатай болов. Мөн Чиёошома 8 даваа, 3 унаатай боллоо.
Хацү башёгийн 11 дэх өдрийн байдлаар Кинбозан 10 даваа, 1 унаатай ганцаараа тэргүүлж байгаа бол Охо 9 даваа 2 унаатай түүнийг нэхэж байна. Харин Озэки Хошёорюү, Киришима, Чиёошома, Такеруфүжи нар 8 даваа, 3 унаатай тэдний араас 3 дугаар эгнээнд бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!