Монгол Улс, БНХАУ-ын FY-2 Хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэнэ.
Өнөөдөр Монгол Улс Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын үүсгэн байгуулагч анхдагч гишүүн орны нэг билээ. Тус байгууллага нь БНХАУ-ын Үндэсний сансрын агентлаг болон Цаг уурын агентлагтай хамтран гишүүн орнуудад цаг агаарын нөхцөл байдал, газар тариалан, бэлчээрийн судалгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын цаг уурын хиймэл дагуул (FY2)-аас мэдээ хүлээн авах газрын станцыг буцалтгүй тусламжийн шугамаар байгуулахаар баталсан.
Энэ ажлын хүрээнд орчин үеийн зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийн судалгааны арга зүйг судлах, хэрэглээнд нэвтрүүлэх, Олон улсын жишигт нийцсэн чадварлаг боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх, дэлхийн хөгжлийн түвшинд нийцэх чадамж бүхий МУИС-ийн “Зайнаас тандан судлал-Газар зүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори” байгуулагдсан.
Тус лаборатори болон БНХАУ-ын FY-2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах, станцыг суурилуулах, ашиглалт хэрэглээг нэвтрүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 01 сарын 13-нд болж, одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа болон цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
FY-2 хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар Монгол орны төдийгүй бүс нутгийн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан цаг тутмын бодит мэдээг хүлээн авч боловсруулан, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн судалгаа, хэрэглээний өргөн хүрээнд ашиглахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, сургалт, судалгаа шинжилгээ, шийдвэр гаргах үйл явцад ашиглах, хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэж байна.