Монголын Үндэсний музей соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд "Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг"-тэй хамтран “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” түр үзэсгэлэнг дэлгэлээ.
Монголчуудын төдийгүй дэлхийн олон үндэстний соёлын биет бус өвийн нэг, нүүдэлчдийн эртний язгуур хөгжим хэл хуур нь хийц, хөг аялгууны хувьд нэн сонирхолтой, сэргээн хөгжүүлэх шаардлагатай өв юм. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар дэлхийн 160 гаруй оронд хэл хуур тархсан хийгээд тухайн үндэстний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг.
Монголчуудын хөгжмийн түүхийн маш сонирхолтой олдворыг 1989 онд нэрт археологич Ж.Цэвээндоржийн ахалсан судалгааны баг Төв аймгийн Морин толгойн Хүннү булшнаас илрүүлсэн түүхтэй. Тэгвэл энэхүү хэл хуурын хувилмал загвар, эртний баатруудын "Нуман хуур", бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, Якут, Польш, Унгар, Тува зэрэг олон орны сонин содон хэл хууруудыг та бүхэн үзэж сонирхох боломжтой.
Уг үзэсгэлэн 4 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй байх ба дараах хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулна.
- “ХУЛСАН ХУУРЫГ УРЛАХУЙ” боловсролын хөтөлбөр 2025.04.11-ний 11:00-12:00; 13:00-14:00; 15:00-16:00 цагт
- “ХӨГЖИМТ ЗУРГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ” арга хэмжээ - 2025.04.13-ны өдөр
- “ХЭЛ ХУУР МИНУ” танилцуулга сургалт - 2025.04.15-ны өдөр
- “ТОД ЭГШИГ ХЭМНЭЛ” хөгжимт сэтгэл заслын боловсролын хөтөлбөр - 2025.04.17-ны өдөр
- "ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД БА ЭРТНИЙ ХӨГЖМҮҮД" хэл хуурын тоглолт - 2025.04.18-ны өдөр
Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, нүүдэлчдийн аж амьдралыг илтгэсэн эгшиг хэмнэлийг мэдэрч, сонороо мялаахыг хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!