Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор "Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийг нийслэлийн төр захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, стандартчиллын үйл ажиллагаанд оролцогч 64 техникийн хороодын түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, орон даяар өрнөсөн.
Хөтөлбөрийн хэлэлцүүлэгт 16 мянга гаруй иргэн оролцож, оролцогчдоос 6987 орчим санал бичгээр болон цахим шуудангаар хүлээн авсан юм.
Тэгвэл өнөөдөр "Стандарт ба хөгжил" нэгдсэн хэлэлцүүлэг /2023.03.30/ "Чингис хаан" үндэсний музейд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Бид эмх цэгц, эрэмбэ дараа, чанарын хүртээмжтэй байдлыг тодорхойлж тогтоон, тэдгээрийг хянаж,хэмжиж чаддаг болсон цагт л бодит хөгжилд хүрнэ. Стандарт бол шинжлэх ухаанд суурилсан, Улс орны хөгжлийн гол хэмжүүр, Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Хүн амын амьдралын чанар, хэрэглээний аюулгүй байдлын баталгаа нь байх ёстой.
Дэлхий ертөнц,амьдралын хэмнэл өөрчлөгдөж түүнийг даган хүний амьдралын тогтсон дүрэм, хэм хэмжээ ч хурдтай өөрчлөгдөж байна. Гэтэл бид амар тайван, ая тухтай аж амьдралын наад захын хэрэгцээ шаардлагаа аль ч салбарт бүрэн шийдэж чадаагүй байгаа нь харамсалтай дүгнэлт юм.
Нийгэм даяараа стандартыг зарчим болгох, зарчмаа дадал болгон хэвшүүлэх чанар, стандартын соёлыг түгээхэд Та бүхний үүрэг оролцоо, идэвх чармайлт хамгийн чухал юм шүү гэдгийг дахин онцлон хэлье” гэсэн юм.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр: Уг хэлэлцүүлэг, хөтөлбөрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өндөр ач холбогдол өгч оролцсон байна. Учир нь бид стандартчиллын үйл ажиллагаанд өдөр тутамдаа оролцдог. Улсын хэмжээнд өрнөсөн хэлэлцүүлэгт 16 мянга гаруй иргэн оролцож, 6987 орчим санал ирүүлсэн байна. Эдгээр санал санаачлагуудыг стандартын бүх түвшиндээ хэрэгждэг болгохоор зорьж байна.
Үүний тулд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тогтолцоог бий болгох, мөн стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний бодлого хэрэгжилтийг боловсронгуй болгох хүрээндээ стандартын хэрэгжилт дээр нь хяналт тавих, тогтолцоог бий болгох нь зүйтэй байна. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэлдүүлэх, тохирлын үнэлгээний байгууллагыг олон тоогоор бий болгох шаардлагатай байна гэдэг санал санаачлага нилээд олон хувь эзэлсэн байна.
Чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлсэн билээ.