ЦЮРИХ, 2025 оны есдүгээр сарын 18 /fifa.com/. Ирэх онд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ тоглогчдоо оролцуулсан клубүүдэд “Club Benefits Programme” (CBP) урамшууллын хөтөлбөрийн хүрээнд 355 сая ам.доллар олгохоор шийдвэрлэснээ Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) мэдэгджээ.
Энэ нь 2022 онд Катарт болсон ДАШТ-д тоглогчдоо оролцуулсан клубүүдэд олгож байсан 209 сая ам.доллароос даруй 70 гаруй хувиар нэмэгдсэн мөнгөн дүн юм. Урамшууллыг тоглогчдоо финалд төдийгүй урьдчилсан шалгаруулалтын тэмцээнүүдэд оролцуулсан клубүүдэд олгохоор болсныг ФИФА онцлоод, урамшууллын хэмжээний талаар дараа нь мэдээлнэ гэжээ.
CBP бол ДАШТ-д бэлтгэх, зохион байгуулахад клубүүд, тоглогчдын оруулсан хувь нэмрийг үнэлдэг хөтөлбөр юм. 2022 онд дэлхийн 51 орны 440 клуб урамшуулал авчээ. Урамшууллын хэмжээг ихээхэн нэмэгдүүлснээр өмнөх тэмцээнүүдтэй харьцуулахад ашиг хүртэгч клубүүдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Мексик, Канад улсад болно. Ирэх оны ДАШТ-д анх удаа 48 орны шигшээ баг оролцох бөгөөд финалын тоглолт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотын "Метлайф-стэдиум" цэнгэлдэхэд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!