Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 22-нд НҮБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын түншлэл, зохицуулалт хариуцсан орлогч Хирохито Тодаг хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын хүрээнд хэрэгждэг бүс нутгийн үйл явцад идэвхтэй хувь нэмэр оруулж ажиллахыг тууштай эрмэлзэж ирснийг онцолж, дамжин өнгөрөх тээвэр, цахим дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг салбарт Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар бүс нутгийн бусад улс орнуудтай туршлага, мэдээлэл хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улс бүс нутгийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг урагшлуулахын төлөө АНДЭЗНК-тай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
НҮБ-ын АНДЭЗНК-ын Түншлэл, зохицуулалт хариуцсан орлогч Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хирохито Тода бүс нутгийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг урагшлуулахын төлөөх Монгол Улсын гаргаж буй идэвх, санаачилгыг өндрөөр үнэлж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч Талуудын бага хурлын 17 дугаар чуулганд (COP17) АНДЭЗНК-оос бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!