ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 24 /Кazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох "Binance"-ийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод өршөөл үзүүлсэн тухай "CBS News" суваг мэдээлжээ.
Ч.Жао 2023 оны 11 дүгээр сард уг биржийн ерөнхий захирлын албыг хашиж байхдаа АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт гэм буруугаа хүлээжээ. 2024 оны дөрөвдүгээр сард Америкийн шүүхээс түүнд дөрвөн сар хорих ял оноож, 50 сая ам.долларын торгууль ногдуулсан бол компанид нь 3.4 тэрбум ам.долларын торгууль оноож, АНУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Ч.Жао 2024 оны есдүгээр сард суллагджээ.
“Ерөнхийлөгч Трамп Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ашиглан Жаод өршөөл үзүүлсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгджээ. "Ж.Байдены засаг захиргаа Ч.Жао луйвар хийсэн эсэх нь нотлогдоогүй, хохирогчид нь мөн тодорхойгүй байхад түүнийг криптовалютын салбарыг дарах хэрэгсэл болгосон" гэж Цагаан ордон үзэж байгаа ажээ.
“Forbes” сэтгүүлийн мэдээллээр, Ч.Жао нь 86 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр 2017 онд "Binance"-ийг байгуулсан бөгөөд тус биржийн ихэнх хувийг эзэмшсэн хэвээр байгаа ажээ. Өршөөл үзүүлснээр "Binance" АНУ-ын зах зээлд дахин үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!