Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва Дэлхийн банк группийн Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA)-ийн Монгол хариуцсан захирал Жин Жэ Юныг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Жин Жэ Юн Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагийн талаар товч танилцуулаад, Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва салбар яамны зүгээс геологи хайгуул, боловсруулалт, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчинг илүү тогтвортой, найдвартай байлгах зорилгоор хууль эрх зүйн орчинг сайжруулахад түлхүү анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ бодлогын тодорхой зохицуулалтуудыг хийж байгааг онцлоод, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг дурдав.