БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 27 /DW/. Тайваньд зэвсэг худалдахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан АНУ-ын 10 иргэн, батлан хамгаалах салбарын 20 компанид хориг арга хэмжээ авсан тухай Хятадын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгджээ.
"Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулан" зэвсэг нийлүүлснийх нь төлөө авч буй хориг арга хэмжээ мөн өдөр хэрэгжиж эхэлснийг мэдэгдэлд дурдсан байна.
Хориг арга хэмжээний жагсаалтад цэрэг, аж үйлдвэрийн Northrop Grumman корпорац, Boeing компанийн Миссури мужийн Сент-Луис хот дахь салбар багтсан байна. Жагсаалтад орсон иргэд нь хоригт өртсөн байгууллагуудын дээд удирдлагууд хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Хоригт орсон компаниуд болон иргэдийн Хятад дахь бүх хөрөнгө активыг битүүмжилнэ. Мөн Хятадын байгууллага, иргэдийг тэдэнтэй бизнес хийхийг хориглосон байна. Жагсаалтад багтсан хүмүүсийг мөн Хятад руу нэвтрэхийг хоригложээ.
АНУ-ын засаг захиргаа Тайваньд 11.1 тэрбум ам.долларын багц зэвсэг худалдах шийдвэр гаргасан тухай 12 дугаар сарын дундуур мэдээлсэн юм. Тайванийн засгийн газрын мэдээллээр, багцад зэрэг галлагч HIMARS тийрэлтэт пуужингийн систем, танк эсэргүүцэх Javelin пуужин, Altius нисгэгчгүй нисэх онгоц болон бусад тоног төхөөрөмж багтжээ.
БНХАУ нь Тайванийг улсынхаа нэг муж гэж үздэг бөгөөд бусад улс орон болон тус арал хоорондох албан ёсны харилцаа холбоог эрс эсэргүүцдэг.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!