Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор одны зэрэглэл тогтоох журмыг баталлаа.
Засгийн газраас 2023-2028 оныг Монголд зочлох жилээр зарлаж, тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буй. Журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, зочлох үйлчилгээ эрхэлж буй байршуулах хэрэгслийн ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, зэрэглэл тогтоолгосноор төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэн, гадаадын хөрөнгө оруулалт татах ач холбогдолтой юм.
Журмыг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд зургаан удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмжийг тусгажээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авсан байна. Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмыг шинэчилснээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоох боломжтой болжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!