ЭР-РИЯД, 2026 оны нэгдүгээр сарын 8 /Kazinform/. Саудын Арабын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхийг хориглосон хязгаарлалтаа цуцлахаар шийдвэрлэжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын хүрээнд Саудын Арабад санхүүгийн зах зээлийг либералчлах түүхэн дэх хамгийн том санаачилгыг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх ажээ. Тодруулбал, Саудын Арабын Хөрөнгийн зах зээлийн зохицуулах хороо "Qualified Foreign Investor" (QFI) буюу “шаардлага хангасан гадаадын хөрөнгө оруулагч”-ийн тухай журмаа халах юм. Ингэснээр Tawadul хөрөнгийн биржид арилжаалагддаг хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид худалдан авах боломж бүрдэнэ.
"Баталсан нэмэлт өөрчлөлтөөр "Qualified Foreign Investor" зарчмыг бүрэн халж, гадаадын бүх салбарын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн шалгуур, шаардлага тавихгүйгээр зах зээлд оролцох боломжийг олголоо" гэж Саудын Арабын санхүүгийн зохицуулагч агентлаг мэдэгдэлдээ дурджээ.
Өмнө нь Tawadul биржийн арилжаанд зөвхөн 500 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй гадаадын том хөрөнгө оруулагчид л оролцох эрхтэй байсан юм. Gulf News цахим хуудсанд мэдээлснээр, Tawadul-ын нэгдсэн индекс өнгөрсөн онд 13 хувиар унасан байна. Үүнээс шалтгаалан эрх баригчид гадаадын хөрөнгийг татах замаар арилжааг идэвхжүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн Саудын Араб энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ нээхээр болсныг өмнө нь мэдээлж байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!