Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан.
Шинэчлэн баталсан хуулиар хүний эрхийн хангах, хамгаалах чиглэлд олон бодлогын өөрчлөлт оруулсны нэг нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг хариуцсан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй байхаар хуульчилсан.
Монгол Улсын Их Хурлаас Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг иргэд, олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулж Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Я.Цэлмэнг Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилсон.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах зохицуулалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн тайлангаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА