Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Алтны хилийн дундаж үнэ энэ оны нэгдүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс унц тутамд 1972.9, зэсийн хүдэр, баяжмалынх тонн тутамд 1324 ам.доллароор нэмэгджээ.
Харин төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 3.4, нүүрснийх тонн тутамд 17.8 ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
БНХАУ-д экспортолсон барааны 41.2 хувийг нүүрс, 46.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар Улсад экспортолсон барааны 99.3 хувийг алт эзэлж байна.
Алтны экспортын хилийн дундаж үнэ нэгдүгээр сарын байдлаар алтны экспортын хилийн дундаж үнэ унц тутам 4463.9 ам.доллар болж, өмнөх сарынхаас унц тутамд 513 ам.доллароор нэмэгджээ.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 78.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 74 хувийг суудлын авто машин, БНХАУ-аас импортолсон барааны 5.3 хувийг телефон, цахилгаан шуудан утасны холбооны аппарат эзэлж байна. Авто бензины импорт нэгдүгээр сард 116.6 мян.тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 40.5 хувиар нэмэгдсэн бол дизелийн түлшний импорт 147 мян.тн болж, 13.4 хувиар багасав.
Нэгдүгээр сард экспортын 55.4 хувийг Гашуунсухайт, 16.2 хувийг Замын-Үүд боомтоор хийсэн нь экспортын 71.6 хувийг, харин импортын 54.5 хувийг Замын-Үүд, 28 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 82.6 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!