КИНШАСА, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /BBC/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хөл бөмбөгийн шигшээ баг сүүлийн 52 жилд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) оролцох эрхээ авлаа. Энэ өдрийг тус улсад үндэсний баярын өдөр болгон зарлажээ.
"Ирвэсүүд" гэгддэг үндэсний шигшээ баг нь мягмар гарагт плей-оффын шатанд Ямайкийн багийг 1:0-ээр хожсоны дараа тус улсын эрх баригчид ийнхүү амралтын өдөр болгох шийдвэр гаргажээ. Тоглолтын цорын ганц гоолыг нэмэлт цагт буюу 100 дахь минутад өмнө нь "Манчестер Юнайтед" клубт тоглож байсан хамгаалагч Аксель Туанзебе оруулсан байна.
Тус улсын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн яам энэхүү ялалтыг "түүхэн" үйл явдал хэмээн тодорхойлоод, нэмэлт амралтын өдөр нь иргэдэд "эв нэгдэл, урам зориг, үндэсний бахархлын уур амьсгалд" баяраа тэмдэглэх боломжийг олгоно хэмээн онцолжээ.
Ардчилсан Конго улсын хувьд ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд анх 1974 онд "Заир" нэрээр оролцож байв.
Орон нутгийн цагаар шөнийн 01:00 цагийн орчимд шүүгчийн шүгэл дуугарч, тоглолт дууссаны дараа Киншаса хотын оршин суугчид ялалтаа тэмдэглэхээр гудамжинд гарчээ. Хөгжөөн дэмжигчид улс орных нь нөхцөл байдал хүнд байгаа үед шигшээ багийнхаа амжилтаар бахархаж байгаагаа хуваалцаж байлаа.
Конгогийн шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтоо зургаадугаар сарын 17-нд Португалын шигшээ багтай хийнэ. Тус хэсэгт мөн Колумби, Узбекистаны багууд багтсан байна.
Тус улсын шигшээ баг АНУ, Мексик, Канад улсуудад болох ДАШТ-д шалгарсан Африкийн арван багийн нэг болжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!