Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутамд зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого” өнөөдрөөс эхэллээ.
Нэг сарын хугацаанд зохион байгуулах улсын хэмжээний тооллогыг манай улс найм дахь удаагаа хийх гэж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө Статистикийн тухай хуульд заасны дагуу 1991, 1994, 1998, 2006, 2011, 2016, 2021 онд зохион байгуулж байв. Энэ удаагийн ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар зохион байгуулахаараа онцлогтой. Нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулна.
Үндэсний Статистикийн Хорооноос цаашид тооллого зохион байгуулахдаа бүртгэлд суурилсан аргыг ашиглан аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангаас бүрдүүлж, цахим систем нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Үүний үр дүнд мэдээллийн давхардлыг бууруулах, төсөв, цаг хугацаа хэмнэх, мэдээлэгчийн ачааллыг бууруулах, статистикийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тооллогыг жилийн давтамжтай зохион байгуулах давуу талтай.
2025 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 263.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 70 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байна.
Тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай систем нэвтрүүлнэ. Ингэснээр цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж болон хүний нөөцөд тулгардаг ачааллыг бууруулах давуу талтай юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!