Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг жингийн медальтнууд тодорлоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхийг дараалан ялснаар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд Монголын эмэгтэй жүдочдоос ААШТ-ий 13 дахь алтан медалийг эх орондоо авчирч байна. Өдгөө 19 настай тэрбээр тивийн аваргад түрүүлсэн хамгийн залуу жүдоч болж байна.
Мөн 52 кг-д “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт хийлж, улмаар Японы Сачи Очиай, Тажикстаны Мадина Курбонзода, шигшээд Узбекистаны Сита Кадамбоеваг тус тус өвдөг шороодуулснаар манай эмэгтэй жүдочдын 14 дэх алтан медалийг авч, төрийнхөө дууллаа эгшиглүүллээ.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал эхний тойрогт хийлж, улмаар БНАСАУ-ын Ёонг Нам Риг ялсан ч шөвгийн наймд Тайванийн Ян Юүвэйд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Узбекистаны шилдгүүдийн нэг Достон Рузиевыг, хүрлийн төлөө Казахстаны Аман Бакытжаныг буулган авч тивийн АШТ-ээс анхныхаа хүрэл медалиа хүртэж байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ө.Жанцандорж, К.Ёолк нар шагналт VII байрт шалгарав. Эхний өдрийн дараах байдлаар манай шигшээ баг хоёр алт, нэг хүрэл медальтай Азийн АШТ-ийг тэргүүлж байгаа бол Тажикстан алт, мөнгө, хүрэл медалтай хоёрт, Бахрейн улсын шигшээ нэг алттай гуравдугаар байрт шалгараад байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!