Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх өнөөдөр /2026.04.29/ компанийнхаа 2026 оны I улирлын ажлын үзүүлэлт, тойм мэдээллийг танилцууллаа.
Энэ оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны үйлдвэрлэл дээд амжилт тогтоосон буюу үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 91.7 тонн байхаар төлөвлөсөн бол 101.6 тоннд хүрчээ. Мөн үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 113.1 мянган унц байхаар төлөвлөсөн бол 123.1 унц буюу 3.8 тоннд хүрсэн байна. Нэгдүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн бол энэ үзүүлэлт 2 тэрбум 55 сая ам.долларт хүрч, чөлөөт мөнгөн урсгал нь 596 сая ам.доллар давсан байна.
Чөлөөт мөнгөн урсгал гэдэг нь хөрөнгө оруулалт, татвар, цалин зэрэг бүх зардлаа хассаны дараах үлдэгдэл юм. Чөлөөт мөнгөн урсгалын дүн нэмэгдэхэд дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлт сайнаар нөлөөлжээ.

Оюу толгойн уурхайн олборлолт явуулах дөрвөн панел бий. Панел 1 дэх өөрийн лицензтэй талбайд олборлолт явуулж дууссан буюу Онтрэгийн лицензтэй талбайд тулаад панел 1-ийн олборлолтыг зогсоогоод байна. Учир нь Онтрэ-гийн эзэмшлийн лицензийн асуудал шийдэгдээгүй байгаа тул энэ хэсгийн ажлыг түр зогсоож, Оюутолгой өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбай болох панел 2-т олборлолт явуулж эхэлжээ.
Энэ оны эхний улиралд панел 2 хэсгийн огтлох түвшний тэсэлгээ, хүдэр олборлох юүлүүр болон хүдэр татах цэгүүдийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хувиараас өндөр үзүүлэлттэй гүйцэтгэсэн нь уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн гэж Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх танилцуулав.
-2026 оны бизнес төлөвлөгөөнд компанийн чөлөөт мөнгөн урсгалын дүнг хэд байхаар тооцоолов. Үүнийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-2026 оны төлөвлөлтөөр 2.6 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгохыг зорин ажиллаж байна. Чөлөөт мөнгөн урсгалыг авсан зээлүүдээ дэс дараалалтайгаар төлөхөд зарцуулна. Хамгийн түрүүнд 2011 онд 15 банкнаас авсан 4.4 тэрбум ам.долларын зээлийг төлөх зорилготой.
-2026 онд Онтрэгийн талбайд олборлолт явуулах уу?
-2026 онд Онтрэгийн талбайд ямар ч ажил төлөвлөөгүй. Лицензтэй холбоотой асуудал шийдэгдвэл 2028 онд панел 1 рүү орно гэсэн ерөнхий төлөвлөлт бий. Хэрэв энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэж, панел 1-ийг хөгжүүлэх боломж гарвал энэ талбайг ашиглах нь бүх талуудын ашиг сонирхолд нийцэх эдийн засгийн үр өгөөжтэй шийдэл юм.
Анхны төлөвлөлтөөр бол эхлээд панел 0-ийг ашиглаад, панел 1 рүү орох байв. Онтрэгийн тусгай зөвшөөрлийн асуудал шийдэгдэхгүй удааширч буй учир Оюутолгой өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулаад, Онтрэгийн талбайг ашиглахгүй орхиж байна. Өөрийн эзэмшлийн дараагийн талбай болох панел 2 руу шилжих бэлтгэл ажил явагдаж байна гэв.


Эх сурвалж: gogo.mn Э.Энхмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!