Өнөөдөр /2023.04.10/ Shilen.gov.mn-д ХАА-г дэмжих сан, төрийн өмчит 71 компанийн мэдээллийг нээн байршууллаа.
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 10325 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ зээл авч байснаас энэ удаад 52,4 тэрбум төгрийн үлдэгдэлтэй 6092-ынх нь мэдээлэл нээлттэй болж байна. Үлдсэн 4000 гаруй компани, хуулийн этгээдийн мэдээллийг 7 хоногтоо багтаан ил тод болгохоор ажиллаж байгаа юм.
Тариалалтын эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэж, ХАА-г дэмжих сан болгосон. Үүсгэн байгуулагдсанаас нь хойш 10325 иргэн, аж ахуйн нэгж зээл авснаас өнөөдрийн байдлаар 219 тэрбум төгрөгийн өр, авлага хуримтлагдсан байна.
Өнөөдөр мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг нээлттэй болгосноо ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдлээ. Долоо хоногтоо багтаан, төрийн өмчит бүх компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил тод болгох юм.
Засгийн газрын сангуудаас зээл авах, ТУЗ-ийн гишүүнээр ажиллах нь хууль бус зүйл огт биш. Хөдөө аж ахуйг дэмжих нь төрийн бодлого, компани ТУЗ-тай ажиллах нь нийтлэл хэм хэмжээ. Гагцхүү зээлээ хууль, журмын дагуу авсан уу, зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээ биелүүлсэн үү, хугацаанд нь эргүүлэн төлсөн үү? гэдэг нь онц чухал. ТУЗ-ийн гишүүд ажил үүргээ гүйцэтгэж, төрийн өмчит компанийн засаглал, үр ашгийг сайжруулсан уу? гэдгийг нь онцлон анхаарч, ялгаж салгах шаардлагатай.
“Шил” ажиллагаагаар нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийхэд 2023 оны I улирлын байдлаар төрийн захиргааны төв 16 байгууллага 71.56 хувьтай байсан бол II улирлын эхээр 75.45 хувь болж өссөн байна.
Авлигын эсрэг “Шил” ажиллагаагаар Shilen.gov.mn сайт ашиглалтад оруулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газраас иргэн нь төрөө шууд хянадаг байх нь авилгын орчин нөхцлийг эрс бууруулна гэж үзэж 5Ш хөтөлбөр, Шил ажиллагааг явуулж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.