Чойбалсан /МОНЦАМЭ/. Цаг агаарын мэдээгээр маргааш өглөө Халх гол сумын нутаг дэвсгэрт хурын үүл ажиглагдсан учир аймгийн төвийн болон Халхгол сумын "Үүлэнд зориудаар нөлөөлөх Экпедиц"-ийг тухайн байршил руу шуурхай гаргажээ.
Одоо мэдэгдэж байгаагаар Халх гол суманд л гэхэд малчин өрхийн есөн гэр, нэг зөөврийн сууц, есөн малын хашаа түймэрт өртөөд байна. Гал түймэрт өртсөн мал болон зэрлэг ан амьтдын тоо хараахан гараагүй, түүнчлэн зэрлэг амьтдын идэш тэжээл, орчин нөхцөл нэн хүндэрлээ гэж Онцгой комиссоос мэдээлэв.
Халх гол сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн дийлэнх нь гал түймэрт өртөөд байгаа тул малчдыг сумын нутаг дэвсгэртээ боломжтой газарт болон зэргэлдээх Матад суманд бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг нэн шуурхай зохион байгуулах шаардлага тулгарсан талаар Онцгой комиссын хурал дээр хэлэлцлээ.
Өчигдөр өглөө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс гарсан гал түймэр хүчтэй салхины улмаас Дорнод аймгийн Матад сумыг дамжин Халхгол сумын нутгийн дийлэнх хэсгийг хамраад байна. Түймрийн голомтод Дорнод аймгийн төв болон Сүхбаатар, Хэнтий аймгийн мэргэжлийн анги бүлгүүд, мөн Улаанбаатар хотоос нисдэг тэргээр Үндэсний аврах бригад очин ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг