
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэ эрин үе өнөөдөр/2026.08.28/ эхэллээ. Цус сэлбэсэн, өндөр нуруутай, шидэлттэй баг эцэст нь бүрэлдэв. Шинэ үеийн эхний тэмцээн нь 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны төлөөх тоглолтууд билээ.
Монголын шигшээ баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээ хүлээн авч, 98-64 гэсэн илт давуу буулган авав. Хоёр баг гурван жилийн өмнө учраа таарахад Монголын баг мөн л нутаг дээрээ арав гаруй онооны илүүтэйгээр хожиж байсан түүхтэй. Энэ удаад ч үр дүнд өөрчлөлт гарсангүй. Гагцхүү Т.Санчир, Б.Билгүүний үе солигдож, Ш.Энхийн-Од, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр нарын үе эхэлжээ.
Тоглолтын тухайд эхний үеийн эхний минутаас л Монголын шигшээ баг илүүрхсэн. Онооны тэргүүллээ нэмсээр хожлоо улам л баталгаажуулсан. Ерөнхийдөө хоёрдугаар хагас эхлэхэд хожих нь баараггүй болсон гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ эхний хагасын хамгийн харамсалтай үйл явдал нь Ш.Энхийн-Одын бэртэл байлаа. Эсрэг багийн довтолгооны бөмбөгийг таслах гэж үсрээд буухдаа тэрбээр шагайгаа далий гишгэчихсэн. Удаашруулсан бичлэгээс харахад сайнгүй байв. Ямартай ч өөрөө босоод талбайг чөлөөлсөн. Харин тоглолтод эргэн ирээгүй.
Ш.Энхийн-Одын хувьд маргаашийн Фижигийн эсрэг тоглолтыг өнжиж болно. Хэсгийн тэргүүн байрын төлөөх шийдвэрлэх тоглолтыг Ням гаригт Тайландын эсрэг хийх учиртай. Тэр үед л Ш.Энхийн-Одын хэрэг гарна. Монголчууд өмнө нь талбай дээрээ Тайландыг бараагүй билээ.
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!