ЛОНДОН, 2026 оны наймдугаар сарын 30 /ТАСС/. Хорватын боксчин Филип Хргович Олон улсын боксын холбооны /IBF/ хэт хүнд жингийн дэлхийн аварга цолыг хүртлээ. Тэрбээр Лондонд өчигдөр болсон тулааны 9 дүгээр үед Их Британийн боксчин Мозес Итаумаг техникийн нокаутаар ялжээ.
Итаума энэ тулаанд ялах магадлал өндөр байсан бөгөөд 9 дүгээр үе хүртэл ялна гэсэн хүлээлт хэвээр байлаа. Хурд, техник, хариу үйлдлээр тэрбээр өрсөлдөгчөөсөө давуу байсан бөгөөд 2 дугаар үед хорват тамирчныг хүнд цохилтод оруулсан боловч Хргович хариу аюултай довтолгоонуудыг хийсээр байлаа. Гэвч Итаума эхний 8 үед илүүрхжээ. 8 дугаар үед тэрбээр хугацаанаас өмнө ялалт байгуулахад тун ойртсон боловч өрсөлдөгчөө нокаутад оруулж чадсангүй. 9 дүгээр үед маш ихээр тамирдсан Их Британийн боксчин рингний буланд сөхрөн унажээ. Түүний дасгалжуулагчид цагаан алчуур шидэхээс хэдхэн секундийн өмнө шүүгч тулааныг зогсоосон байна. 9 дүгээр үе дуусахад 33 секунд дутуу байв.

Ийнхүү 34 настай Хргович 21 дэх ялалтаа байгуулснаар анх удаагаа дэлхийн аварга цолыг хүртэж байна. 2022 онд Хятадын тамирчин Жан Жилэйг ялсан тэрбээр дараа нь IBF-ийн түр аваргын төлөөх тулаанд Их Британийн Даниэл Дюбуад ялагджээ. Сонирхогчдын боксоор Хргович дэлхийн залуучуудын аварга, Европын аварга, Олимпын хүрэл медальт тамирчин юм.
Өдгөө 21 нас 8 сартай Итаума 1986 оноос хойш 40 жилийн дараа анх удаа хэт хүнд жинд хамгийн залуу дэлхийн аварга болох боломжийг алдлаа. Тухайн үед Америкийн боксчин Майк Тайсон 20 нас 4 сартай байхдаа аваргын бүсийг зүүж, Их Британийн Флойд Паттерсон 21 нас 11 сартайдаа 1956 онд дэлхийн аваргын бүсийг зүүж байсан амжилтаас давсан юм.
Итаума энэ удаад боксчны замналдаа анхны ялагдлаа хүлээсэн бөгөөд өмнө нь 14 удаа ялжээ. Түүний эцэг нь Нигерийн иргэн, ээж нь словак үндэстэн юм. Итаума Словакт төрсөн бөгөөд арьсны өнгөөр ялгаварласан халдлагуудын улмаас түүний гэр бүл 8 настай байхад нь Их Британид иржээ.
Энэ удаагийн тулаанаас өмнө Итаума IBF-ийн чансааны гуравдугаарт, Хргович дөрөвдүгээрт бичигдэж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!