АМСТЕРДАМ, 2026 оны есдүгээр сарын 3 /ANADOLU/. Болзошгүй хямралд бэлэн байх үүднээс АНУ, Канадад хадгалж буй алтныхаа нөөцийн багагүй хэсгийг Их Британид шилжүүлэн авчрах шийдвэрийг Нидерландын Төв банк / DNB / гаргажээ. Энэ тухай Нидерландын телевизийн NOS суваг мэдээллээ.
DNB-гийн мэдээллээр, 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд тус улсын алтны нөөцөд байсан 86 тн алтыг Хойд Америкаас Лондонд татаж авчирсан байна. Энэ нь АНУ, Канадад хадгалагдаж буй нөөцийн 25 гаруй хувь юм. Лондон бол биет алт худалддаг томоохон төв учраас хямралын үед алтыг илүү хурдан борлуулах боломжтой гэж DNB тайлбарласан байна.
Ингэснээр Нью-Йоркт хадгалагдаж буй алтны Нидерландын нийт нөөцөд эзлэх хэмжээ 31.3 хувиас 18.5 хувь болж буурсан байна. Харин Канадад энэ үзүүлэлт 19.7 хувиас 18.5 хувь болж багасчээ.
Өмнө нь Нидерландын Төв банкны зүгээс АНУ-Европын харилцаа ээдрээтэй болж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан юм. Америкийн тал Нидерландын төлбөр тооцоог хялбархнаар зогсоож чадах учраас АНУ-аас хамааралт байдлыг багасгах нь чухал гэдгийг DNB мэдэгдэж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!