БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлсэн. Нийтдээ 26.5 сар үргэлжлэх уг төсөл нь 2023 онд дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний суурилуулалт зэрэг ажлууд хийгдэх бөгөөд 2024 оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Эрчим хүчний дэд сайд бөгөөд Төслийн удирдах хорооны дарга М.Баярмагнайгаар ахлуулсан баг 10 аймгийн дулааны станцын барилга угсралтын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байна. 2023 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймгийн дулааны станцын барилгын талбайд ажлын явцтай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Төслийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2022 онд барилгын талбайн дэд бүтцийн түр хангамжуудын холболт, төслийн ерөнхий болон нарийвчилсан зураг төсөл, дулааны станц, зуухны суурийн ажлыг хийсэн юм. Харин 2023 оны 2 дугаар сард БНХАУ-аас зуухны 99 багц тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг хийж, барилгын талбайд хүргээд байна. Зуухны угсралтыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд дулаан дамжуулах төв, дулааны нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний ажлуудыг энэ онд гүйцэтгэх юм.
Дэд сайд М.Баярмагнай төслийн оролцогч талуудад хэд хэдэн асуудлаар дараах үүрэг даалгаварыг өглөө. Үүнд:
- Дулааны станц ашиглалтад орох хүртэл иргэдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах бүх талын арга хэмжээг авах;
- Төслийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах;
- Барилгын ажил гүйцэтгэх дулаан өдрийн тоо цөөн байдаг тул тулгарч болзошгүй эрсдэл бүрийг нарийн тооцож, дулааны станц, дулаан дамжуулах төв, шугам сүлжээний ажлуудыг ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нар чанар, шаардлагын өндөр төвшинд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх;