Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа зөрчил гаргаж, хорих ялаар солиулаад буй Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа тул Ардчилсан намаас Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.
Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэн ял эдэлж байсан Д.Монголхүү ял эдэлж байх хугацаандаа удаа дараалан зөрчил гаргасан. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар солих шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Д.Монголхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түр түдгэлзсэн байна. Одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Гэхдээ хүн амины хэрэг үйлдсэн хоригдогчтой хамт хорьсон гэдэг нь ташаа мэдээлэл байна.
Д.Монголхүүг ямар зүйл ангиар хорих ял шийтгүүлсэн хүнтэй хамт хорьж байгаа вэ?
Д.Монголхүү Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл ангиар (дээрэмдэх) 2 жилийн ялаар шийтгүүлсэн 22 настай Б-тэй хамт нэг өрөөнд байгаа.
Хүний эрхийн үндэсний комиссоос Д.Монголхүүгийн нөхцөл байдалтай танилцсан уу?
Хорих ял эдлүүлэх болон цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагууд болох прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссын холбогдох албан тушаалтнууд Д.Монголхүүгийн хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, тогтмол хяналт тавин ажиллаж байгаа.