Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Бенжамин, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн, Бизнес хөгжлийн ахлах зөвлөх Н.Тэлмэн болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Түншлэлийн хөтөлбөр”-ийн явц, төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар харилцан санал солилцов.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2022 онд 60, 2023 онд 19 аж ахуйн нэгжид нарийвчилсан үнэлгээ хийж, дараагийн шат буюу үнэлгээний хорооны хурлаар 78 төслийг хэлэлцүүлсэн байна. Хэлэлцүүлсэн нийт төслийн 62 нь үнэлгээний хорооны хурлаар дэмжигдэж Түншлэлийн гэрээ байгуулаад байгаа юм.
Хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, нэг жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдаад байгаа юм.
Энэхүү төсөлд ААН-үүд хамрагдах нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм.