БНСУ-ын Ерөнхий прокурорын албаны Хар тамхитай тэмцэх газрын гадаад харилцааны ахлах зохицуулагч Парк Жай, гадаад харилцааны зохицуулагч Парк Жозеф, “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж”-ийн төслийн менежер Ким Ярим нарыг Цагдаагийн ерөнхий газарт /2023.04.20/ хүлээн авч уулзав.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай нар оролцлоо.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургаж буй мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал /каннабис/-ыг устгах оновчтой аргыг судлан тогтоох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, техник, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Цаашид БНСУ-ын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж” /Official Development Assistance-ODA/-аас санхүүжих, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийг 2023-2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлэхээр болов.