Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар болон тус хорооны гишүүдийн төлөөлөл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн шинээр баригдаж буй Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгын үйл явцтай танилцлаа.
Эмнэлгийн барилга нь нийт 50 орчим ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай, орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон судалгаа шинжилгээ, оношилгоо эмчилгээг цогц байдлаар хүргэх 3-р шатлалын эмнэлэг болох юм.
Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилд дунджаар давхардсан тоогоор 200 гаруй байгууллага 79-80 мянга орчим хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоог суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан байдаг. Тэр хэрээр орон нутгаас зорьж ирэх үйлчлүүлэгчид олон байдаг учраас хэвтэн эмчлүүлэх тасагтай болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
ХАБЭАҮХ-ний дарга С.Зулпхар хорооны гишүүдэд барилгын ажлыг хэвийн явуулахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, бусад төрийн байгууллагатай хамтран ажиллах, гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллах чиглэлийг өглөө.