- Нүүр
- Мэдээ, мэдээлэл
- Цаг үеийн мэдээ
- Дэлгэрэнгүй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг байгуулахын өмнө түншлэлийн талуудын санал бодлыг нээлттэй сонсох “Нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээр” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж ажил олгогч нарын байр суурийг сонсож, санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, Сайн нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээрээс хүртэх өгөөж нь улс орны хувьд ажилгүйдэл, ядуурлын түвшин, хөдөлмөрийн маргаан буурах, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл сайжрах, бүтээмж өсөх, ажил олгогчид ур чадвартай ажиллах хүчээр хангагдах, эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулж ашиг орлого нь нэмэгдэх боломжийг бүрдүүлдэг болохыг онцлоод “Тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх нийгмийн түншлэгч талуудын хүчийг нэгтгэсэн улсын хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Ажил олгогч нар зөвхөн ашиг орлогын төлөө биш нийгмийн хариуцлагатай, хөдөлмөрийн хүний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарах хандлага дэлхий дахинд бий болсон. Энэ хандлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт гарган хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Хөдөлмөрийн тухай хуульд ололттой сайн зүйл олон байгаа ч эргэж харах шаардлагатай асуудал байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хөндсөн. Тэрээр хуульд заасан уртын ээлжээр ажиллах зохицуулалтыг эргэж харах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалт хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангийн хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаарх илтгэл мэдээллийг ХЭҮК-ийн гишүүн, доктор Д.Сүнжид танилцуулж, оролцогчид нөхцөл байдал, тулгамдсан болон анхаарах асуудлын талаарх саналуудаа уламжилж, тодорхой асуултуудад хариулт авлаа.