НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт” АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байрнаас эхэллээ.
“Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Баасансүрэн, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, хурлын ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Анх 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн чуулганаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сзндайн хүрээ хөтөлбөр”-ийг дэлхий дахины 193 улс орон санал нэгтэй баталсан цагаас хойш 8 жил өнгөрч, энэ хугацаанд улс орон бүр дээрх хөтөлбөрийн хүрээнд тавьсан 7 зорилт, 4 тэргүүлэх чиглэлийг хүчин чармайлт гарган хэрэгжүүлж байгаа хэдий ч хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл тавьсан зорилтод хүрэхэд олон бэрхшээл саад тохиолдож байна.
Дэлхий нийтийн өмнө тулгамдсан тогтвортой хөгжлийн олон асуудлууд байгалийн гамшгийн өмнө тулгарч байгаа болон шинэ тутам үүссэн олон төрлийн эрсдэлээс шалтгаалж, нийгмийн эрүүл мэндийн эрсдэл болох цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, газар хөдлөлтөөс шалтгаалсан нас баралт, эдийн засаг, нийгмийн хохирол буурахгүй байгаа юм.
Энэ удаагийн дээд түвшний уулзалтаар оролцогч 162 улс орны өндөр дээд түвшний төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, тохиолдсон хүндрэл бэрхшээл, 2030 он хүртэлх хугацаанд НҮБ болон бусад олон улс, бүс нутгийн байгууллагуудаас анхаарвал зохих үйл ажиллагааны санал дүгнэлтийг хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.