“АШИГТ МАЛТМАЛ, АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГ БҮХИЙ МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН 8 ДУГААР ХУРАЛДААНЫГ 2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДӨР УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 8 дугаар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Холбооны Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Франциска Брантнер нар тэргүүлэн оролцов.
Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр улсын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, эрдэс баялаг, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх, хамтарсан стратегийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэн санал солилцов.
Мөн хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилго бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн хуралдааны дэргэдэх Монгол-Германы Эдийн засгийн хорооны 9 дүгээр хуралдааны үр дүн, Засгийн газар хоорондын хуралдааны протоколд тусгах саналыг сонсож, хоёр улсын Засгийн газраас уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, боловсролын салбарын хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцав.