Дэлхийн гаалийн байгууллагын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газарт Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр ажиллаж байгаад ирсэн Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын ГУБ Г.Энхжаргалтай ярилцлаа.
Дэлхийн гаалийн байгууллага нь гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.
Өнөөдрийн байдлаар тус байгууллагад олон улсын худалдааны 98 гаруй хувийг бүрдүүлдэг дэлхийн 185 орон гишүүнээр элссэн байна. Монгол Улсын хувьд тус байгууллагад 1991 онд гишүүнээр элссэн.
Эдгээр улс орнууд эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг дараах 3 үе шатанд хэрэгжүүлж байна.
Нэгдүгээрт бүрдүүлэлтийн өмнөх үе шат буюу тухайн барааг гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнөх үе шат. Хоёрдугаарт бүрдүүлэлтийн үе шат буюу барааг гаалийн байгууллагад мэдүүлснээс барааг эзэнд олгох зөвшөөрлийг гаалийн байгууллагаас олгох хүртэлх үе шат.
Гуравдугаарт бүрдүүлэлтийн дараах үе шат буюу барааг эзэнд олгох зөвшөөрлийг гаалийн байгууллагаас олгосны дараах үе шат.
Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь дээрх гурван үе шатны 3 дахь үе шат буюу барааг эзэнд олгох зөвшөөрлийг гаалийн байгууллагаас олгосны дараа хийгддэг шалгалт юм.
Тухайн шалгалт нь худалдаа эрхлэгчид ямар ач холбогдолтой вэ?
шалгалтын үр дүнгээр хууль сахилтын түвшин өндөр гэж тодорхойлогдсон худалдаа эрхлэгчийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, бүрдүүлэлтийн явцад барааг нь биет болон биет бус шалгалтаас чөлөөлөх боломжийг бүрдүүлж өгдөг.
Худалдаа эрхлэгч өөрийн гаргасан алдаа дутагдлыг ойлгох, засаж залруулах, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх боломжтой болдог. Иймээс бүрдүүлэлтийн дараах шалгалт нь нэг талаас хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх нөгөө талаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг орчин үеийн гаалийн хяналтын нэг хэлбэр юм.
Эх сурвалж: ГЕГ