ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн их сургуулиас “Хоёр нуурын цом” хоккейн олон улсын тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Монгол, Буриад, Эрхүүгийн политехникийн их сургуулийн баг оролцоно.
Тэмцээн тойргийн системээр хоёр үе шаттай явагдах юм. Эхний шат 3 дугаар сарын 22-нд Ханхад буюу Хөвсгөл нуурын мөсөн дээр болно. Дараагийн шат Большое Голоустное тосгонд Байгаль нуурын мөсөн дээр явагдана. Олон хожилтой баг Цомын эзэн болно.
Хоёр нуурын тэмцээнийг Монголын анхны сансрын нисэгч, Монгол, ЗХУ-ын Баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа дэмжиж хамтран ажиллах юм байна.
Тэмцээний танилцуулгад “Хөвсгөл нуурыг Байгаль далайн дүү гэж ярьдаг. Энэ хоёр домогт нуурын мөсөн дээр өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг. Хөвсгөлд 100 гол цутгадгаас Эгийн гол эх авч урсан, Сэлэнгэ мөрөнд нийлдэг. Нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Задгай мөсөн дээр тэмцээн зохиох нь тун хэцүү. Бид хоёр орны Онцгой байдлын газар, Байгаль хамгаалах байгууллагатай хамтран ажиллана. Юуны өмнө талбай байгуулах мөсөө бэлтгэх. Манай тэмцээнийг Оросын Кемеров муж, Казахстан улс сонирхож байгаа. Ирэх жил илүү олон багтай тэмцээн хийнэ” гэж дурджээ.
Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ