Тэрээр соёл, урлагийн салбар зорилтот бүлэг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нэг талаас үзэгч, нөгөө талаас уран бүтээлчийн хувьд салбарын үйл ажиллагаанд тэгш, хүртээмжтэй хамруулж, оролцоог нь хангахыг онцоллоо.
Хэлэлцүүлгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уран бүтээл, контентыг боломжит тохируулгаар хангаж, хүртээмжтэйгээр хүргэх, соёл, урлагийн барилга байгууламжийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, номын санд E-Pub3 олон улсын стандарт нэвтрүүлэх, WCAG2.0 олон улсын зөвлөмжийг даган мөрдөх, үзвэр үйлчилгээнүүдийг дохионы хэлээр тайлбарласан видео бичлэг хэлбэрээр, танилцуулгыг брайл үсгээр болон бар кодтойгоор хэвлэх, бүхий байдлаар бэлтгэхийг зөвлөв.
Мөн хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодын бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүйгээр ном, бусад бичмэл бүтээлийг ашиглах боломж олгох зорилготой Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн салбараас баталсан Марракешийн гэрээний хэрэгжилтийг хангахыг анхааруулсан.
Түүнчлэн соёлын салбарын үйлчилгээний ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх, харьцах тухай үйлчилгээний сургалтад хамруулах, соёл урлагийн бүтээлийг хүний эрхийн мэдрэмжтэй бүтээх нь чухал болохыг хэлэв.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Соёлын дэд сайд М.Батбаяр, МҮОНТ-ийн сэтгүүлч Ч.Гэрэлчулуун нар ажиллаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул илтгэл танилцуулж, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул, “Нью урбанизм” ХХК-ийн захирал, МУ-ын зөвлөх архитектор, хот төлөвлөгч З.Туяа, Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газрын дарга Д.Мөнхцэцэг нар оролцлоо.