Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн 3 дугаар хурал өнгөрсөн баасан гариг /2023-12-08/-т боллоо.
Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурал (JCC) -ыг жилд нэг удаа зохион байгуулж, төслийн хүрээнд хийсэн ажил, үйл ажиллагаанд хяналт тавьж, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлдог.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэй 2015-2020 онд хэрэгжүүлсэн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох төсөл хэрэгжсэн. Энэхүү төслийн хоёрдугаар шат 2021-2024 онд “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төсөл хэрэгжиж буй бөгөөд ирэх онд дуусах юм.
Энэ удаагийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар сүүлийн хоёр жилийн хугацаанд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнг хэлэлцэж, үлдсэн хугацаанд хийх шаардлагатай ажлаа нэгтгэн дүгнэлээ.
2023 онд төслийн хүрээнд сувилагч, эх баригч мэргэжилтний цогц чадамж, эх барихуйн түгээмэл үйлдлийн стандартыг боловсруулсан бол ирэх онд шинэ сувилагч, эх баригчийг ажлын байран дээр дадлагажуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж дуусган, загвар байгууллагуудад сургалтыг туршиж эхлүүлэхийг зорьж буй юм байна.