НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 26 /ALN/. АНУ-д азотын хий ашиглан цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай Алабама муж улсын Ерөнхий прокурор Стив Маршалл мэдэгдэв. Энэ нь тус улсын түүхэнд цаазаар авах ялыг ийм аргаар гүйцэтгэсэн анхны тохиолдол юм.
1988 онд даатгалын мөнгө авахыг хүссэн санваартны захиалгаар эхнэрийг нь хөнөөсөн Кеннет Смит гэх 58 настай хоригдлын цаазаар авах ялыг Алабама муж улсын Этмор хотод азотын хийгээр амьсгалыг нь боогдуулах аргаар гүйцэтгэжээ.
Америкийн эрх баригчид ялтны физиологийн онцлогоос шалтгаалан урьд нь ашиглаж байгаагүй цаазаар авах арга хэрэглэхээс өөр аргагүй болжээ. 2022 оны 11 дүгээр сард Смитийг үхлийн тарилга тарих аргаар цаазын ялыг гүйцэтгэхийг оролдсон боловч судсыг нь олж чадаагүй аж.
Цаазын ялыг гүйцэтгэхийн тулд Смитэд цэвэр азотоор дүүргэсэн баг өмсгөсөн байна. Агаар нь 78 хувийн азотоос бүрдэх хэдий ч уушгинд очих үед цэвэр азот нь хүний биед амин чухал хүчилтөрөгчийг зайлуулж, улмаар гипокси үхэлд хүргэдэг. Алабамад үхлийн тарилга хийхэд хэрэглэдэг эмийн хомсдолын улмаас цаазаар авах ялыг гүйцэтгэхэд цэвэр азот ашиглахыг 2018 онд зөвшөөрсөн байна. Энэ аргыг мөн Миссисипи, Оклахома муж улсуудад зөвшөөрдөг боловч ашиглаж байгаагүй юм.
Дээрх арга нь дэлхийн өнцөг булан бүрд, тэр дундаа Европын зарим оронд хэрэглэдэг "эвтаназийн аргатай" төстэй. Тодруулбал, азотын хий хүний биед орсны дараа хурдан бөгөөд өвдөлтгүйгээр ухаан алдуулж улмаар зүрхний ажиллагааг зогсоодог аж.
АНУ бол цаазаар авах ялыг хэрэглэдэг цорын ганц өндөр хөгжилтэй орон юм. 1976 онд цаазаар авах ялыг сэргээснээс хойш статистик мэдээ хөтөлж буй Америкийн Deathpenaltyinfo.org цахим хуудсанд бичсэнээр, нэгдүгээр сарын 3-ны байдлаар тус улсад 1582 хүний цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн онд 24 хүнийг цаазаар авсан бол 1999 онд хамгийн олон буюу 98 ялтны ялын дээд хэмжээг гүйцэтгэжээ. Цаазын ялыг гүйцэтгэсэн тоогоор (586 хүн) Техас муж улс тэргүүлж байна. Одоогоор 2333 хүн ялын дээд хэмжээг гүйцэтгэхийг хүлээж байна. 1973 оноос хойш цаазын ял сонссон 196 хүний хэргийг хянан хэлэлцээд цагаатгажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал