Эрэгтэй хүний бэлэг эрхтнээс анх удаагаа хуванцрын бичил хэсгүүд илэрсэн тухай өчигдөр IJIR: Your Sexual Medicine Journal эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд мэдээлжээ.
Судлаачид таван өөр эрэгтэйн бэлэг эрхтнээс авсан эсийн дээжийг шинжлэхэд дөрөвт нь долоон төрлийн бичил хуванцар илэрсэн байна.
Бичил хуванцар (microplastics) гэдэг ойлголтод 5 миллиметрээс эхлээд 1 микрометр хүртэл хэмжээтэй нийлэг полимерийн хэлтэрхийнүүд багтдаг.
Том хуванцар материалууд янз бүрийн нөлөөгөөр задрахад ийм хэлтэрхийнүүд үүсдэг байна.
Эдгээрийн хамгийн жижиг хэсгүүд эд эрхтнүүдийн эсэд нэвтэрч чаддаг бөгөөд хуванцрын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүний биед улам их нэвтрэх болсон гэж судлаачид үздэг.
Дээрх судалгааг гүйцэтгэсэн Майамигийн Их сургуулийн урологийн мэргэжилтэн Ранжит Рамасами өмнө нь хүний зүрхнээс бичил хуванцар илрүүлж байжээ.
Тиймээс Рамасами эр бэлэг эрхтнээс хуванцар илэрсэнд огт гайхахгүй байгаагаа ярьсан байна.
Тэрбээр 2023 оны наймаас есдүгээр сарын хооронд өөрийн сургуулийн эмнэлэгт бэлгийн сулралтай нь оношлогдож, эмчилгээнд орсон хүмүүсээс эсийн дээж авч байжээ.
Ингэхэд өвчтөнүүдээс авсан дээжээс нийт долоон төрлийн бичил хуванцар илэрсний хамгийн түгээмэл нь PP (polypropylene) төрлийн хуванцар байсан байна.
“Бид одоо бичил хуванцар бэлгийн сулралтай холбоотой эсэх, холбоотой бол ямар эмгэг үүсгэдгийг үргэлжлүүлэн судлах шаардлагатай” гэж Рамасами ярьжээ.
Өмнө нь явуулсан өөр нэг судалгаагаар нэг литрийн хэмжээтэй савласан цэвэр усанд дунджаар 240,000 ширхэг хуванцрын бичил хэсэг байдгийг тогтоож байв.
Хуванцар сав суулга түгээмэл хэрэглэдэг болсноос байгаль орчин төдийгүй хүний бие махбод нийлэг эдээр бохирдож байгаа нь үүнээс харагдаж байна.
“Бид хоол хүнс, усыг хуванцар лонх, сав суулгаас аль болох хэрэглэхгүй байхад анхаарах хэрэгтэй гэж би бодож байна. Ядаж эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нь бүрэн судалж тогтоох хүртэл хязгаарлах хэрэгтэй” гэж Рамасами хэлжээ.
Бичил хуванцрын бохирдлоос сэргийлэх арга замуудыг бусад судлаачид зөвлөсөөр байгаа.
“Нэг арга нь хуванцрын оронд зэвэрдэггүй ган, шилэн сав суулгыг ашиглах явдал юм. Хуванцар савтай хоол ундыг богино долгионы зууханд халаахгүй байх, аяга таваг угаагчид хуванцар сав суулга хийхгүй байх зэрэг аргуудыг хэрэглэж болно” гэж Нью-Йоркийн Их сургуулийн Langone Health хүрээлэнгийн захирал Леонардо Трасанде зөвлөж байжээ.
Эх сурвалж: CNN /С.МӨНХЦЭЦЭГ, IKON.MN/