Монгол-Японы бизнес форумыг энэ сарын 19-нд зохион байгуулах бөгөөд энэ удаа Японоос 150, Монголоос 400 гаруй зочид, бизнес эрхлэгчид оролцохоор болжээ.
Тус форумаар “Монголын эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвийн хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлалын салбарын асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Манай улс 2015 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаа хийсэн юм. Энэ хэлэлцээрт Чөлөөт худалдааны гэрээ багтсан гэдгээрээ онцлогтой ч гэрээг байгуулснаас хойш манай улсаас Японд нийлүүлэх бараа, үйлчилгээ өсөөгүй. Харин тус улсаас Монголд худалддаг бараа өссөн юм.
Манай Засгийн газар энэ гэрээг байгуулснаас хойших явцын, гарцын үнэлгээ, судалгааг хийгээгүй байна. Хоёр орны нийт худалдаа Японы худалдаанд маш бага хувийг эзэлдэг. Харин тус улсын ЖЭТРО хэмээх байгууллага хувийн хэвшилдээ манайхтай байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Энэ нь японы экспортыг өсгөх үүрэгтэй, төрийн байгууллага. Харин Монголд Эдийн засгийн түншлэлийн гэрээг аль яам, агентлаг хариуцах нь Эдийн засгийн хөгжлийн яамыг нээх хүртэл тодорхойгүй байлаа.