Энэ сарын 8-нд Токиод эхлэх сүмо бөхийн Намрын тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи барилдахгүй боллоо. Албан ёсны мэдээнд түүнийг чихрийн шижин өвчин, зүүн өвдөгний бэртлээр зодоглох боломжгүй болсон гэж заажээ.
Аваргын багш Исэнохама ояката сэтгүүлчдэд “Эмчилгээ, бэлтгэл Намрын тэмцээний өмнө дууссангүй. Амжсангүй бид. Тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдгөө гэмтээсэн нь хамгийн том шалтгаан. Эрүүл мэндийн хувьд цусан дахь сахарын хэмжээ маш нэмэгдсэн нь их нөлөөллөө. Бууж өгөхгүй байсаар арван килограмм жин хасаж, турсан. Хөлсөө гаргавал сахарын хэмжээ буурах ёстой. Өвдөг олон жил архаг гэмтэлтэйн улмаас ёкозүна хүссэн хөдөлгөөнөө хийж чаддаггүй. Одоогийн байдлаар 14-21 хоног эмчлүүлэх шаардлагатай гэсэн онош гарсан. Өвдөг зүгээр болбол барилдахад асуудалгүй гэж би бодож байгаа. Намрын тэмцээний дараа тойргийн барилдаанд оролцож чадахаар болгох нь эхний зорилго” гэж тайлбарлалаа. Ёкозүна Тэрүнофүжи ийнхүү нийт 22, ёкозүна цолтой 11 дэх удаагаа тэмцээнд гэмтлийн улмаас оролцсонгүй.
Намрын тэмцээний эхний өдөр Озэки Котозакүра комүсүби Хирадоимитэй, озэки Хошёорюү маэгашира Таканошёотой, сэкивакэ Оносато Атамифүжитэй, сэкивакэ Аби Тобизарүтай, сэкивакэ Киришима Оохотой, сэкивакэ Такакэйшёо Митакэүмитэй, комүсүби Дайэйшёо Вакамотохарүтай таарчээ. Мөн Шёодай - Котошёохо, Үра - Шёононноүми, Мэйсэй - Гоонояма, Вакатакакагэ - Чюраноүми, Эндо - Мидорифүжи, Ичиямамото -Ошёома, Рога - Тамаваши, Саданоүми - Кагаяки, Кимбозан - Бушёозан, Хокүтофүжи - Нишикиги, Рюүдэн - Онокацү, Такаясү - Такарафүжи, Широкүма - Китановака, Нишикифүжи – Чиёшёома барилдаантай.
Эх сурвалж: Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!