Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай өнөөдөр /2024.09.05/ Төрийн банкны Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал, Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал төлөөллийг хүлээн авч уулзан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий малчин хоршооны гишүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээл болон одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.
Төрийн банк нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчин хоршооны гишүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгосон үзүүлэлтээрээ тэргүүлэн ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар нийт 10686 малчин хоршооны гишүүдэд 371,8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа аж. Үүнийг зээл авсан бүс нутгаар нь ангилан үзвэл 31 хувь нь хангайн бүс, 29 хувь нь баруун бүс, 29 хувь нь төвийн бүсэд тус тус олгогдсон байна.
Төрийн банк зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд зээлдэгч, иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс өөрсдийн сошиал хаяг дах чат ботоор мэдээллийг ажлын цагт шуурхай хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 75.1 тэрбум төгрөгийн 2089 төслийн зээлийн хүсэлтийг нэмэлтээр хүлээн авч судлан ажиллаж байгаа гэсэн мэдээллийг уулзалтад оролцсон төлөөлөл өгсөн.
Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Төрийн банк болон хөнгөлөлттэй зээлийн хүсэлтээ гаргаж буй малчин хоршооны гишүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндөн, зээлийн шийдвэрлэлтийн шат дамжлагыг шуурхай, нээлттэй байлгах, зээл олголтын нөхцөл, бодит банкны актив, ажлын хэсгийн хувьд анхаарч үзэх шаардлагатай бусад асуудлуудын талаар Төрийн банкны төлөөлөлтэй ярилцсан. Мөн тэрбээр Ажлын хэсгийн зүгээс бодлого, арга зүйн хувьд Төрийн банктай хамтран ажиллах боломжтойг дурдав хэмээн Ажлын хэсгээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!