Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нар Монголын цахилгаан холбоо, Мобинет, Юнивишн компаниудын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургуулиудын интернэтийн орчин, урсгалыг сайжруулах, нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн талаар ярилцлаа.
Eduten, Pearson зэрэг цахим сургалтын платформуудын хэрэглээг сайжруулах, саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын яам болон дээрх гурван компани хамтран өнгөрсөн оны 9 дүгээр сараас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад утасгүй интернэтийн дэд бүтцийг угсрах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 685 сургуулийг хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 532-т нь утасгүй интернэт суурилуулсан ба төсөл 78 хувьтай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд бүх сургуульд нэгдсэн систем нэвтрүүлж, Боловсролын яам болон харьяа агентлаг, байгууллагууд системд хандах, хянах боломжтойг компаниудын төлөөлөл хэлж байлаа. Мөн интернэтийг хурдтай, саадгүй ашиглахын тулд нэн түрүүнд дэд бүтцийг сайжруулж, урсгалыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
Боловсролын яамны зүгээс хувийн хэвшил боловсролын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зах зээлийн зарчмаараа өрсөлддөг байх нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталж буйг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга онцлов.
Иймд цахим шилжилтийг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж боломжит ажил үйлчилгээг шилжүүлэн, төрийн шаардлагагүй оролцоог багасгаж байгаа бөгөөд тулгарч буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн, хувийн хэвшлүүдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!