Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/-ны чөлөөт бөхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх болох “Zagreb Open” хоёрдугаар сарын 2-5-нд Хорватын нийслэл Загреб хотын “Dom Sportova Sport Hall”-д болно.
Загребийн “Ranking Series”-т Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор Монголын 7 тамирчин өрсөлдөнө.
Тодруулбал, тус тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар хүч үзэхээр Загреб хотноо очоод байна.
Олон улсын 1 дүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тус тэмцээнийг дэнслэх бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг фото сурвалжлагчаар ажиллана.
Ташрамд дуулгахад, Загребийн дэвжээнд Хассан Яздани (Иран), Кайл Снайдер (АНУ), Гено Петриашвили (Гүрж), Гажи Алиев (Азербайжан), Жейден Кокс (АНУ), Рави Кумар (Энэтхэг), Амирхоссейн Заре (Иран), Таймураз Салказанов (Словак), Юи Сүсаки (Япон), Хелен Марулис (АНУ) нарын дэлхийн шилдэг бөхчүүд хүч үзэх юм байна.