ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаж, цэргийнхэнд “хүчтэй” дайралт хийхийг тушаасны дараа Израилын тал Газын зурваст цохилт өгчээ.
Б.Нетаньяхугийн ажлын албаны мэдэгдэлд цохилт өгөх болсон шалтгааныг дурдаагүй боловч Израилын цэргийн албан тушаалтны мэдэгдсэнээр, ХАМАС хяналттай бүсэд Израилын цэргийнхэн рүү халдсанаар гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн байна.
Б.Нетаньяху мөн ХАМАС-ыг барьцааны хүмүүсийн цогцсыг хүлээлгэн өгөхдөө буруу цогцосны үлдэгдлийг шилжүүлэн өгч, хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгажээ. Израилын тал уг цогцосны үлдэгдлийг хоёр жил орчмын өмнө цогцос нь олдсон Офир Царфатигийнх гэж мэдэгдээд, энэ бол АНУ-ын зуучлалаар байгуулсан хэлэлцээрийг “илэрхий зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгдсэн байна.
Харин ХАМАС бүлэглэлийнхэн барьцаанд байсан өөр нэгэн хүний цогцсыг олсноо мягмар гарагт мэдэгдсэн боловч Израилын тал Газын зурваст цохилт өгөх төлөвлөгөөгөө зарласны дараа уг цогцсыг шилжүүлэн өгөхөө хойшлуулжээ.
Израил болон ХАМАС бүлэглэлийнхэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж харилцан бие биенээ буруутгаж байгаа хэдий ч Газын зурваст уг хэлэлцээр хэрэгжиж байна гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс мэдэгджээ. “Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж байна. Энэ нь мөргөлдөөн огт гарахгүй гэсэн үг биш” гэж тэрбээр хэлсэн байна.
Ж.Д.Вэнсийн ярьснаар, “ХАМАС эсвэл Газын зурвас дахь хэн нэгэн Израилын цэрэг рүү дайрсантай холбогдуулан Израилын тал хариу арга хэмжээ авна гэдгийг АНУ таамаглаж байжээ. Гэхдээ үүнээс үл хамааран Ерөнхийлөгчийн тогтоосон энх тайвны хэлэлцээр хэрэгжих болно гэж би бодож байна хэмээн тэрбээр дүгнэн хэлжээ.
АНУ-ын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээр 10 дугаар сарын 10-нд хэрэгжиж эхэлснээр 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхний зүгээс Израил руу хийсэн аймшигт халдлагын улмаас хоёр жилийн турш үргэлжилж, Газын зурвасыг сүйрүүлсэн дайныг зогсоогоод байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!