2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 маягийн агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайн LETBI агаарын хаалгаар орон нутгийн цагаар 18:54 цагт орж ирсэн.
Тус нислэг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс ойролцоогоор 10 минутын өмнө нисэх баг ОХУ-ын Эрхүү нислэгийн удирдлагын төвд техникийн шалтгааны улмаас Монгол Улсын "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, шуурхай ажиллагаагаар нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа.
Энэ үеэр агаарт түлш юүлэх зааварчилгаа өгч, нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардуулах удирдлага үйлчилгээг амжилттай үзүүлэн үүний үр дүнд уг нислэг орон нутгийн цагаар 19:30 цагт "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд аюулгүй газардсан байна.
Энэхүү тохиолдол нь Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын шуурхай ажиллагаа, мэргэжлийн ур чадварын чадамжийг дахин нотолсон үйл явдал боллоо.
Эйр Индиа компанийн AIC174 дүгээр нислэгийн 245 зорчигчийг "New Delhi" олон улсын нисэх буудалд хүргэхээр өнөө орой буюу 2025.11.04-ний өдөр нэмэлт нислэг "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг зорихоор төлөвлөгджээ гэж Иргэний Нисэхийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!